ДАЯНД ЦУУТАЙ ОРЧУУЛГУУДЫГ ШИНЖСЭН ДААЦТАЙ ХЭДЭН ШҮҮМЖ /Хөөс эрэг алгадан замхардаг бол чулуу өнгө алаглан далайн ёроолд хэвтэнэ/
ДАЯНД ЦУУТАЙ ОРЧУУЛГУУДЫГ ШИНЖСЭН ДААЦТАЙ ХЭДЭН ШҮҮМЖ  /Хөөс эрэг алгадан замхардаг бол чулуу өнгө алаглан далайн ёроолд хэвтэнэ/

 

 

Энэ цаг уран зохиолын орчуулгадаа бараг л “цатгалдаж” гэмээр, номын дэлгүүрүүдийн лангуу хэл хэлнээс хөрвүүлсэн эрт эдүгээгийн зохиол бүтээлээр элбэг дэлбэг болсныг харахад талархууштай бөгөөд ер нь ямар их ажил энэ чигт ундарч байгааг нотлох мэт аж. Ажил ундарч байгаа нь сайшаалтай. Харин чанар чансаа хэр вэ гэдгийг хэлээд өгөх судлаач, шүүмжлэгчийн үг сураг ажиггүй удаж байна. Мэр сэр байгаа нь олны анхааралд орж ирэхгүй, ерөнхийдөө уран сайхны орчуулга “урсгалаар явах” голдиролд оров уу гэлтэй. Тэгтэл уншигч олон мэргэд, орчуулгын чансааг сайжруулахын төлөө сэтгэлээ чилээгсэд шүүмж судлалын ажлыг “нэхсээр”, сайн мууг дэнсэлсэн дорвитой шүүмжлэл өрнөхийг хүлээсээр буй.

Чингэвч энэ “ажин түжинд” чимээ өгч жилдээ ганц нэг өгүүлэл гарсаар ирсэний зарим чухаг талыг, тухайлбал нийгэм-хэлшинжлэлч, профессор С.Эрдэнэмаамын сүүлийн үеийн бүтээлүүдээс олж ажигласанаа олзуурхах ялдамд хойшид чанарыг эрхэмлэгч хэн нэгэнд үлгэр болох юун магад хэмээн цухас толилуулахыг зүйд үзэв. Орчуулгыг шинжилсэн С.Эрдэнэмаамын арга зүй чухамхүү яс чанарыг түншсэн, алдаа эндэгдлийн бодит дүр зургийг харуулахуйц хэд хэдэн чиглэлийг голлон баримталсан нь учир зүйн үндэстэй, туршлага, сургамжийн аль алийг таниулах нотолгоотой тул зөвхөн чанар чансааг эрхэмлэгч хэн нэгэнд гэлтгүй, судалгаа болоод сургалтад сургамжтай хэрэглэгдэхүүн болгон ашиглахуйц “баялаг” эх үүсвэр санжээ.

Орос хэлнээс орчуулах онол, дадлагын хичээлийг хэл зүй, үгийн утга зүй, найруулга болон үгсийн сангийн хэрэглээний онцлог талаас нь ихээхэн няхуур, цэгцтэй заадаг хүний хувьд (бид нэг тэнхимд олон жил хамт ажилласан тул мэднэ) С.Эрдэнэмаамыг давын өмнө “зовоодог” зүйл нь дадлагын ажлаар оюутанд өгч буй хэрэглэгдэхүүн алдаа эндэгдэлтэй байж өөрийнх нь заадаг хичээлийн сэдэв, агуулгатай зөрчидөх вий гэсэн болгоомжлол билээ. Жишээ нь, нэгэн өгүүллийн сэдэл тийн буюу: “...их дээд сургуулийн орос-англи хэлний багш мэргэжлийн ахлах ангид үздэг орчуулгын онол, дадлагын хичээл дээр оюутнуудаар харьцуулсан дүгнэлт хийлгэх зорилгоор өнгөрсөн  хавар  Ф.М.Достоевскийн “Бесы” хэмээх дэлхийн сонгодогт зүй ёсоор тооцогддог романы орчуулгыг худалдан авч, эхний бүлгийг орос эхтэй нь тулган” үзэхүл “сургалтад шууд ашиглах боломжгүй, найруулга тааруухан, үг сонголтын болон зохиолынхоо эхийг хагас дутуу ойлгосон, орос хэлний дүрмийн нарийн мэдлэг хомс байгаа зэргээс үүдэлтэй алдаа мадаг бүхий өгүүлбэр нэлээн олон[1] байгааг илрүүлжээ. Дашрамд хэлэхэд, хэрэвзээ Та бээр орчуулагч эрхэм юм бол Таны орчуулсан бүтээл уншигч олны гэгээн мэлмийд тунгаагдахаар үл барам, оюутан залууст хичээл сургаал, оюунт мэргэдэд гарын авлага болж, нийгмийн оюун санаанд үр цацах үүд нээгдэж буйг эрхбиш санууштайг ярих нь илүүц мэт боловч орчуулсан бүтээлтэй чинь “зууралдах” ажил энд тэндгүй өрнөж байдгийг “галт тэрэг хөдөлсөн хойно” ухаарах шиг дэмий хэрэг юусан билээ. Тийм ёсоор харин урьдаас ухаарах учиртай нэгэн зүйл гэмээ нь орчуулга, тэр тусмаа уран зохиолын орчуулга болбоос мөнгө олохын тулд хийдэг “халтуур” биш, мэдлэгийн царай, мэдрэмжийн гярхай, мэргэжлийн чансаагаа таниулан зохиогчийн эрх, зохиолын дархлаад зориг гарган “халдаж” буй туйлын хариуцлагатай үйлс мөн.

С.Эрдэнэмаамын өгүүллүүдэд дурдагдсан ноттой хийгээд ноцтой зүйлс, ач холбогдлыг онцлох үүднээс зарим жишээ баримтыг энд давтан цохолборлоё. Тухайлбал, “...диссертацию о возникавшем было гражданском и ганзеатическом значении немецкого города Ганау...” гэсэн өгүүлбэрийг “...үүсэж эхэлсэн иргэний болон худалдааны нөхөрлөлийн учир холбогдлын тухай...“ гэжээ. Энэ өгүүлбэрт байгаа “было” гэдэг сул үг нь өнгөрсөн цагт хэлбэржсэн үйл үгтэй хавсран “эхэлсэн боловч, үр дүнд хүрээгүй үйл”-ийг илэрхийлдэг билээ. Иймд энэ хэсгийг “үүсэж эхэлсэн” биш, “үүсэж бий болохоо шахсан...” гэсэн бол зохиогчийн санаа бүрэн гарах байжээ. Ийм төрлийн алдаа хэд хэд байна. Нэмээд ганцыг дурдвал: “... Варвара Петровна бросилась было всецело...” – үүнийг “...тэр чигээрээ дайран орж...” гэсэн байна. Зүй нь “...дайран орохоор завдаж ...” гэх байжээ. “Дайран орох”, “дайран орохоор завдах” нь утгын хувьд ихээхэн өөр юм[2]. Мөн “...сыном, оканчивавшим тогда курс в ...лицее ...” гэснийг “... лицейд номын дамжаа дүүргэсэн...” хэмээн орчуулжээ. “Оканчивавший” – энэ бол төгс бус байдлын үйл үгээс үүссэн үйлт нэрийн өнгөрсөн цагийн хэлбэр бөгөөд төгс бус байдлын үйл үг учраас үйлийн үр дүнг биш, үйл явцыг илэрхийлнэ, тэгэхлээр “дүүргэсэн” биш, “лицейн төгсөх ангид сурч байсан” гэх маягаар орчуулах байжээ[3]. Ердөө энэ хоёр гуравхан жишээ юуг харуулна вэ?

Ер нь цаад хэлнийхээ тогтолцооны онцлог, утга ялгах нэгжүүдийн үүрэг, хэрэглээг сайтар эзэмшилгүй орчуулах нь ямар осолтойг эдгээр жишээ баримт харуулна бус уу. Орос хэл бол давамгай шинжээрээ нугархай, синтетик хэлний онцлогтой тул үг зүйн байгуулалт, үгийн утгат нэгжүүдийн зохирол туйлын нарийн, харахад өчүүхэн төдий мэт боловч нэг семемийн хэрэглээнд л (тухайн тохиолдолд төгс бус үйлт нэрийн орчуулга семемийн түвшний алдаа) анзааргагүй хандах аваас бүхэл бүтэн үйл явдал ч орвонгоороо эргэсэн байж мэдэх. Утга бүтээгч энэ мэт нэгжийн хэрэглээний үүргийг мэдэхгүйн улмаас гаргасан орчуулгын алдааг эл өгүүлэлд хангалттай өгсөний өөр нэг жишээг дурдвал: “Они всё брали из книжек...” – энэ өгүүлбэрийг “Тэд бүх санаа оноог номоос авна” гэж орчуулжээ. “Книги” гээгүй “книжки” гэсэн нь тэдгээр номыг үл тоосон, басамжилсан утга шингээсэн байгаа учраас “Тэд яриад байгаа зүйлээ шалдар булдар элдэв номоос л олж авдаг байлаа” хэмээсэн бол агуулгадаа илүү дөхөх байжээ. Мөн үйл үг нь өнгөрсөн цагт хэлбэржсэн байгааг анзаарсангүй бололтой[4]. Тийнхүү “үүсэж болзошгүй” зүйл “үүсээд эхэлчихсэн”, “орохоор завдаж байгаа” хүн “дайраад орчихсон”, “лицейн төгсөх ангид сурч байгаа” хүү “төгсчихсөн” болж орчуулагдаад явчихсан энүүхэн хэдэн жишээнээс үзэхүл бодит байдал яаж гажсаныг Достоевский мэдэхээс нэгэнт өнгөрсөн цаг гэж бодоход зохиолыг нь бариад сууж буй уншигчдын одоо цаг, харьцуулж учир начрыг нь олох гэж ядаж цөхөн судлах оюутан хүүхдүүдийн ирээдүй цаг яах ёстой болж байна? Жүжгийн зохиолыг энэ байдлаар орчууллаа гэж бодъё. Үйл явдал нь юу болох бол? Энд дурдсан “Бесы” романы орчуулгын дөнгөж эхний хэсгээс илрүүлсэн иймэрхүү баримт харамсалтай нь маш олон бөгөөд орчуулагч нь харин Достоевскийн романуудын орчуулгаар Төрийн шагнал хүртжээ.

Шүүмжлэлт эл өгүүллүүдийг тэрлэгчийн анхаарлын төвд байдаг онцгой сэдэв нь орчуулагч нэгэн бээр утга ташаарч төөрөгдөлд ордгийн хар гай. Хяналт цензур ном ёсоороо байсан хуучин цагт ийм эндэгдэл гарвал ихээхэн шуугиан дэгддэг байсны тод илрэл Ц.Хасбаатарын “Гай газар дороос, гахай... номон дотроос” өгүүллээс бэлхнээ харагддаг.

Энэ чигт түүвэрлэн авсан жишээнүүдээс нь ганц нэгхэнийг дурдъя. “Ойлгох нь орчуулахын амин сүнс” өгүүлэлд С.Есениний шүлэг найраглалыг орчуулахдаа Ж.Нэргүй абугайтан аанай л анзааргагүйтэн алдаж эндсэн байдлыг хэд хэдэн баримт сөхөн харуулжээ. Тухайлбал “Русь” найраглалын дөрөвдүгээр хэсгийн сүүлийн дөрвөн мөрийг орчуулсаныг үзвэл:

 

Собралися на четницею Лушею

Допытаться любимых речей.

И на корточках плакали, слушая,

На успехи родных силачей.

Энэ бадгийг орчуулагч огт ойлгоогүй нь илт. "Четница Луша" гэдэг нь энэ найраглалд нэр цохон гарч байгаа цорын ганц баатар, фронтоос ирсэн захидлуудыг хүмүүст чангаар дуудан сонсгодог төдийгүй мэргэч, төлөгч бүсгүй юм. “Допытаться любимых речей” гэсэн нь “сайхан мэдээ сонсохоор” хүмүүс түүнийг зорьж ирдэг гэсэн санаа. Бадгийн агуулгыг ойлгоогүй учраас үүнийг:

Орой руу нь орох үгсийг бүгд сонсохоор ирцгээв.

Оточ Лушагийн модон эрхийг эргүүлэхээр ирцгээв.

Өвдөг бохирон суугаад гаслан гаслан уйлалдав.

Өрмөг сэтгэлт баатруудаа санан санан дуулалдав

хэмээн орчуулсанд “мэргэч төлөгч Луша бүсгүйг “Оточ Луша”, “сайхан мэдээ сонсохоор ирсэн хүмүүс”-ийг “Оточ Лушагийн модон эрхийг эргүүлэхээр ирцгээв” болгосныг өршөөж хараахан болохгүй мэт. “Четница” – мэргэч, төлөгч гэдэг үгийг “чётки" – эрхи гэдэг үгтэй андуурснаас ийнхүү ...инээдэмтэй зүйл болжээ[5] гээд цааш нь өгүүлэх нь: “Найраглалын энэ хэсгийн эхний бадгийн орчуулга үүнээс ч илүү инээдэмтэй, бүр эмгэнэлтэй болжээ:

Затомилась деревня невесточкой

Как-то милые в дальнем краю,

Отчего не уведомят весточкой -

Не погибли ли в жарком бою?

"Невесточка" гэдэг нь “мэдээ ирэхгүй байх” гэсэн утгатай, "весточка” гэдэг үгний эсрэг утгатай үг юм. Гэтэл “бэр” хэмээн эндүүрснээс (“Бэрүүдийн шаналан тосгон сууринг нөмрөв) инээдэмтэй байдал үүсчээ[6]. Уран зохиолын орчуулга бол эн тэргүүнд хоёр соёлын хооронд хийгддэг орчуулга тул соёлын ялгааг мэдэхгүй бол сохортой адил юм болно. Иймд орчуулга дагасан судалгаа хэмээх “нүсэр ажил” байх ба толь бичиг ч хөтлөх шаардлага гардгийг хашир орчуулагчид андахгүй. Цаад учир шалтгаан нь утга ташаарч осолдохгүй, “орчуулагчийн хуурамч нөхдөд” дөрлүүлэхгүйн тухайтад бөгөөд манай ахмад үеийн орчуулагчдын энэ талаар хуримтлуулсан туршлага, бас сургамж ч арвин ихийн зэрэгцээ алдаж эндсэнийг нь ердөө нэгхэн үгнээс илрүүлж бичсэн шүүмж гэхэд л орчуулгын практикт ямар хэмжээний үр нөлөөтэй байсныг түүхэн баримтууд гэрчилнэ.

 “Бесы” романы орчуулгад утга ташаарсан өөр нэг жишээ: “... сумел ...вызвать в нём первое, еще неопределенное ощущение той вековечной, священной тоски...” – энэ өгүүлбэрт байгаа “в нём” гэдэг биеийн төлөөний үгийн хүйсийг анзааралгүй “...тэр  чавхдасны үүрд мөнхийн, ариун гэгээн санагалзах гунигийн хараахан зүгшрээгүй анхны мэдрэмжийг хөглөсөн” хэмээн орчуулснаас болоод утгыг айхавтар гажуудуулжээ. “В нём” гэдэг бол “он”, эсвэл “оно” гэсэн, эр, эсвэл эрс хүйсийн жинхэнэ нэрийг төлөөлөөд,  Предложный  тийн  ялгалд хувирсан биеийн төлөөний үг. Гэгээн мөрөөдлийн амтыг юунд мэдрүүлж чадсан бэ? гэхлээр чавхдасанд биш, яагаад гэвэл “чавхдас – оросоор струна – эм хүйсийн үг, харин зүрхэнд, яагаад гэвэл “зүрх – оросоор сердце” – эрс хүйсийн үг. Нарийн ширийн энэ ялгааг мэдэхгүйгээс, эсвэл мэдсэн ч анзаараагүйгээс болоод зүрхэнд мэдрүүлсэн юмыг чавхдасанд гэж алджээ… Зүй нь: “... сэтгэлийнх нь хамгийн нарийн нандин чавхдасыг хөндөж дөнгөснөөр балчир андынхаа зүрхэнд үүрд мөнхийн ариун гэгээн мөрөөдлийн амтыг бүдэг бадаг ч гэлээ мэдрүүлж чаджээ” гэх маягаар буулгах байсан болов уу[7]. Монгол мэргэдийн айлдварт “Утгын өвгөн үгийн таяг тулдаг” тухай өгүүлдэг нь үг, түүний утга илэрхийллийн хоорондох ямар анзааны харьцааг хэлээд байгаа, бас юуг эрхэмлэн бид үгээ сонгох ёстойг цэгнэж бодвоос бичиг туурвил бүтээгч нарт энэ нь алтан дүрэм байгууштай бөгөөд чанадын санаа нь утга хавьцаа будилах мунгинах асуудал дааж давшгүй гэм нүгэл үйлдсэнээс өөрцгүй үр дагавартай гэдгийг илтгэнэм.

Утга гажуудуулахын өөр нэг хэлбэрийг санаан зоргоор үг хэллэг нэмж, тэр нь найруулгын нягтралыг сулбагар болгон улмаар шүлгийн гоо зүйд сөргөөр нөлөөлсөнийг С.Эрдэнэмаам шүүмжүүддээ мөн л онцлон тэмдэглэжээ. Тухайлбал, Дантегийн “Тэнгэрлэг туульс”-ыг орчуулсан Д.Цахилгааны орчуулгын уран чадварыг нэлээн гярхай шинжилсэн баримтуудаас дараах жишээг авч үзье:

 

 

Так горек он, что смерть едва ль не слаще.

Но, благо в нем обретши навсегда,

Скажу про все, что видел в этой чаще

Тэр    хөвч    үхлээс өөрцгүй Тэгэвч би очсоны хувьд

Тэнд үзсэнээ бүгдийг ярья

/орч. Ц.Хасбаатар/

 

 

Яаж яваад төөрсөн минь яах вэ, тэр л биз

Ядаж цөхөж зүдэрсэн ч үзсэн харснаа

Яг үнэнээр ярих нь харин чухал байх

/орч. Д.Цахилгаан/

 

 

Энэ хэсэгт Ц.Хасбаатар агуулгыг бүрэн дүүрэн илэрхийлсэн бол хоёр дахь орчуулгад утга санаа  сүрхий гажсан мэт санагдана. Эхний шадын агуулгыг үргэлжилсэн үгээр махчлан тайлбарлаваас, “тэр ойд орсноос үхсэн бол арай дээр байх сан...” гэсэн шиг санаа байна, үүнийг Ц.Хасбаатар “Тэр хөвч үхлээс өөрцгүй” хэмээн буулгасан бол нөгөө орчуулагч нь “Яаж яваад төөрсөн минь яах вэ, тэр л биз” гэжээ. Гэтэл “... тэр л биз” гэдэг нь өгүүлэгчийн өгүүлж буй зүйлдээ хандах хандлагыг илэрхийлсэн баймж утгыг илтгэнэ, тэгэхлээр зохиолын баатар тэр ойд төөрч очсоноо нэг их тоохгүй байгаа мэт өнгө аяс цухалзаж байна[8]. Өрнийн уран зохиолд оюун санааны хүчээрээ үл дийлдэх, туурвил зүйн хувьд хийгүй ганц найрагч бол Данте бөгөөд Бурханыг гоочилсон гэж хичнээн зүхүүлээд ч хэдэн зууныг дамжин амьд оршин буй. Америкийн утга зохиолын шүүмжлэгч, профессор Х.Блүм түүний оюун санааны хүчийг тодорхойлон бичихдээ: “Жирийн уншигчийн «Хошин шог»-ийг (The Divine Comedy – Тэнгэлэг хошин шог) унших боломж Дантегийн оюун санааны шинж чанараас урган гардаг бөгөөд үүнийг сүслэн унших тухай ердийн ойлголттой яавч адилтгах аргагүй. Өргөн утгаар нь авч үзвэл Данте өмнөх залгамжлуулагч болон өөрийн цаг үеийн нэг ч яруу найрагчийн тухайд өөдтэй юм хэлэхгүй бөгөөд түүнд Мөргөлийн дууг эс тооцвол Библийн судар ч бараг хэрэг болохгүй. Тэрээр өөрөөсөө гадна хөдөлбөргүй үнэнийг айлдаж чадах цорын ганц хүндтэй залгамжлуулагч, өөртэй нь эн тэнцэх яруу найрагчид Христийн өвөг дээдэс Давид хааныг тооцдог байсан мэт сэтгэгдэл төрдөг”[9] гэсэн байдаг. Хүчирхэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн тийм гоц найрагч ийм хоёрын хооронд сулбагар мөр бадаг үзэглэсэн байх огт боломжгүй. Терцина бол европ шүлгийн түүхэнд бүтээгдсэн сөөлжүүр хэмнэлт яруу найргийн хамгийн нягт зохиомж бөгөөд чухамхүү энэ системийг бүхэл бүтэн найраглалд амжилттай туршсанаараа Данте гайхуулсан билээ. Монгол шүлэгт европ шүлгийн тогтолцооны зарим хэлбэрийг туршсан байдаг ч (жишээ нь, сонет) терцинаг тийм нүсэр хэмжээгээр “нутагшуулах” боломж хомс юм. Үүнийг ч С.Эрдэнэмаам мөн тэмдэглэжээ. Харин эрхбиш Дантег хүндлэх үүднээс найруулга, үг сонголт, мөр бадгийн хайрцаглал зэрэг ур хийцийн үзүүлэлтүүд зүй нь орчуулгад чанд хэлбэрээ олсон байх учиртай. 

Уран зохиолд дүрслэн илэрхийлэх хүчийг дөгөөж, хэл найруулгад амт оруулдаг хэрэглэгдэхүүний нэг нь утга шилжүүлэн дүрслэх арга буюу метафорчлал. “Бесы” романы орчуулгад жишээ нь, “...но и в солнце пятна” гэснийг “... гэвч наран дээр ч толбо байх” хэмээн буулгасан нь хэвшмэл хэллэгийг үгчилж орчуулж болохгүй гэсэн дүрмийг түр умартсаных болов уу, уг нь “сайнтай муутай сав дүүрдэг гэгчээр” гэсэн шиг орчуулсан бол зохиогчийн санаанд нэлээн дөхөх байжээ[10] гэсэн байна. Мөн нэг их эрэл сурал болоод байхааргүй “Замечу в скобках” гэдгийг “хаалтад хийх маягаар нэмж дурдъя” гэвэл ямар уран зохиол болохсон билээ. Угтаа тэр нь зүгээр л “үгийн далимд хэлчихьегэсэн санаа[11] байж байдаг.

Шүлгийн гоо зүй буюу ур хийц болбоос яруу найргийн орчуулгад эхийн дархлааг үл алдагдуулан хувиргах нэн чухал үзүүлэлт бөгөөд чухам тиймийн учир С.Эрдэнэмаам шүүмжүүддээ эрхэмлэн үздэг эмзэг нэгэн сэдэв нь орчуулга уран чанараараа дүйцсэн эсэх тухай асуудал байна. Тийнхүү “Тэнгэрлэг туульс”-ыг орчуулагч Д.Цахилгаан бичсэн нь өмнөх орчуулагч Ц.Хасбаатарын хувилбарыг “Утга нь гарсангүй. Ур хийцийн талаар бол сайшааж хэлэх ч юм алга. Орос өгүүлбэрт тулган хадаж, дэндүү махчилснаас болж, хуучны монгол шүлгийн, тэр дундаа туульсын найраглалын өнгө аяс, тавьц алдагджээ” хэмээснийг уншсан шүүмжлэгч бээр “Ашгүй дээ, жинхэнэ сайхан орчуулга гараад иржээ[12] гэж олзуурхсаар тулган үзтэл, жишээ нь:

 

Земную  жизнь  пройдя  до половины,

Я очутился в сумрачном лесу,

Утратив правый путь во тьме долины.

 

Хорвоогийн насны талыг туулаад

Харанхуй хөндийд замаа алдаад

Бүрэнхий ойд би ирчихсэн байлаа.

/орч. Ц.Хасбаатар/

Энэ насныхаа үд хэвийж байхад би

Эзгүй харанхуй балар ойд зам алдаж

Эргүүтэж будилж төөрлөө, яах билээ?

/орч. Д.Цахилгаан/

 

 

гэж харин ч уран чанар дордсон дүр зураг ажиглагджээ. С.Эрдэнэмаам “Энэхүү гурван мөртийн хоёр орчуулгаас үзэхэд, Ц.Хасбаатар орос эхийн агуулгыг яв цав гаргасны зэрэгцээ, “Харанхуй...”, “Бүрэнхий...” хэмээн хоёр ба гуравдугаар шадыг ижил төсөөтэй дуудлага бүхий үгээр холбож, улмаар түүний эгшиглэнт шинжийг чадамгай бүрдүүлжээ хэмээн үзэж болохоор байна. Энэ аргыг зарим судлаач “толгой давталт” хэмээн нэрлэсэн байдаг. Түүгээр ч үл барам, “... туулаад”, “... алдаад” хэмээн эхний хоёр шадын сүүлийг хүртэл эгшиг ижилсүүлэн холбосон нь тухайн гурван мөртийн орчуулгыг агуулга, хэлбэрийн хувьд ихээхэн чамбай болгожээ. Харин Д.Цахилгаан шадын зөвхөн эхний авиаг ижилсүүлжээ, өөрөөр хэлбэл, “толгой холбоцын” аргаар хязгаарласан төдийгүй, “сумрачный лес” буюу “бүрэнхий ой” гэх утгыг дэлгэрүүлэн “эзгүй харанхуй балар ой” болгосон нь зохиолчийн хэлэх гэсэн агуулгыг гажуудуулсан хэмээн үзэж болохоор байна. “Бүрэнхий ой”-гоор Данте тухайн үеийнхээ харанхуй нийгмийг дүрсэлсэн учраас “эзэнгүй, балар” хэмээх тодотгол илүүдсэн санагдана. Мөн “Утратив правый путь во тьме долины” буюу “Харанхуй хөндийд зам мөрөө алдав” гэсэн санааг “Эргүүтэж будилж төөрлөө, яах билээ?” хэмээн асуух өгүүлбэр болгон онцын шаардлагагүй, ярианы хэлний дэл сул хэд хэдэн үг нэмжээ. Яруу найргийн орчуулгын чанарыг дордуулдаг, ерөнхийдөө нийтлэг ажиглагддаг нэгэн үзэгдэл бол орчуулагчаас нэмсэн субьектив зүйлс юм. Ийм байдлын ихэнх шалтгаан нь голдуу шүлэгт хэмнэл үүсгэх юм уу толгой холбох гэснээс үүдэлтэй байдаг байна[13] гэжээ. Эх толгойгүй энэ цаг дор эрээ цээргүй эвтэйхэн өөриймшүүлэх” ажиллагаа эд хөрөнгө гэлтгүй, эрдэм номд хүртэл нүүрлэх болсон нь уран зохиолын орчуулгад ч мөн учир тоймоо алдлаа. Үүний захын жишээг С.Эрдэнэмаам “Их гүүш Ц.Дамдинсүрэн абугайн орчуулгыг хэн “ойлгомжтой болгон сайжруулав?” шүүмждээ дэлгэн харуулжээ. Тэр бээр номын дэлгүүрт “Зураач Б.Төрмөнх. Алтан загасны үлгэр” гэсэн ном байгааг олж үзээд “... Энэхүү номын зураг дүрслэл, текстийн үг хэллэг, найруулга нь бүрэн шинэчлэгдсэн тул эхийг хэвлэлийн газрын зөвшөөрөлгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр нь дахин хэвлэх, хайлтын системд байршуулах, ...түгээн тараахыг хориглоно”[14] гэсэн анхааруулгыг уншин “ихэд цочиж тулгаж үзэхээр шийдсэн байна. Гэтэл өнөөх нь аанай л буурал эрдэмтний орчуулгыг буруу зөвгүй “сайжруулаад” дээр нь нэрээ зоочихсон, хэнэггүй гэхэд хэрээс хэтэрсэн хэрэг явдал болж таарав. Тийнхүү С.Эрдэнэмаамын тулгаж үзээд, дүгнэж хэлсэнийг сонирхвол: “Их гүүшийн орчуулгыг ойлгомжтой болгон засварласан нь ч мөн нэг иймэрхүү зүйл болжээ. Тухайлбал, хамгийн эхний мөрийг аваад үзье. “Хөрст алтан дэлхийн Хөвөө хязгаар нутагт” гэснийг “... хязгаар нэгэн нутагт” болгосон нь болхи гэхэд дэндүү болхи аж. Чухамдаа “хөвөө хязгаар” гэсэн тодотгол бол монгол үлгэрт гардаг “газрын мухарт”, “эндээс маш хол нутагт” гэсэн утга бүхий уран дүрслэл билээ. Манай хэвлэгч үүнийг дээрх маягаар сольсон нь дээр өгүүлсэнчлэн бичээчийн хуруу “нугын цагаан эрвээхэй нисэн буухын адил аа”-г “түүний хуруу хурдан хөдөлдөг” болгон зассантай агаар нэгэн бөлгөө. Уран зохиол бол үгийн урлаг, тийм ч учраас үг бол уран сайхны дүр бүтээх, аливаа зүйлийг уран сайхнаар яруу тансаг илэрхийлэх үндсэн хэрэглүүр юм. Ямар нэгэн утга үүрэг оноож, зориудаар хэрэглэсэн тэр хэрэглүүрийг “засварлан сайжруулах” боломжгүй бөгөөд хэрвээ аливаа нэгэн этгээд тэгж зүрхэлбээс “толгойдоо булуу хурааж буй” хэрэг болно. Бидний хэлэлцэн буй энэхүү “бүтээл”-д “... Гучин жил тэнэж, дөчин жил суужээ” (орос эхэд “Ровно тридцать лет и три года” гэж буй) гэсэн, “маш олон жил” гэсэн утга бүхий яруу дүрслэлийг “Гучин гурван жил ... аж төрөн суужээ” гэсэн нь тухайн утгыг ойлгомжтой болгосон хэрэг огтхон ч биш, харин ч орос хэлний тухайн хэлцийн утгыг гадарладаггүй гэдгээ нийтэд тунхаглан зарласан хэрэг болжээ[15].

            Бусдын орчуулгад нэрээ зоогч ийнхүү дураараа авирлан хайран юмыг яйран болгосноор өмнөх орчуулагчаа, зохиогчтой нь цуг булшлав бололтой. Үүнд нь бачуурахдаа өгүүллийг тэрлэгч маань: “Энэ юу болж байна вэ? Уран зохиолд, улмаар өсвөр хойч үеийнхээ оюуны боловсролд яаж хандаад байна вэ? Сайн зохиол бичиж, яруу сайхан орчуулга хийж мөнгө олж болох ч, нийт олноор нэгэнт хүлээн зөвшөөрсөн дэлхийн сонгодог зохиолын шилдэг орчуулгуудыг “ойлгомжтой болгон засварлах” замаар ийнхүү эрэмдэглэж, түүгээрээ хүүхэд багачуудын тархийг угааж, түрийвчээ зузаалах нь зөв үзэгдэл, зүйтэй хандлага мөн үү?[16] хэмээн халагласан байна. “Чонын эзгүйд чандага ноён” гэгчээр ер нь л зохиогч, орчуулагч нь тэнгэрт хальсан л бол баруун солгойгүй “суйлах” санаархлаа гүйцэлдүүлсэн энэ их хулгай хүмүүний аж төрөх ёсноо дээд эрэмбийн хэмээгддэг оюун санааны ертөнцөд ороод ирсэний жишээ энэ буюу үүнийг үзтэл яаж ч чадахгүй байгаа нь даанч харамсалтай санж.

             “Уран зохиолын орчуулга, түүний чанар” сэдвээр профессор С.Эрдэнэмаам 2025 оны 12-р сарын 23-нд МУБИС-ийн эрдмийн танхимд өргөмжлөлт лекц унших тухай мэдээ эл өгүүллийг бичмэглэх сэдэл өгөв. Ажил давхцаад тэнд очиж чадаагүй ч дуулдах нь оролцогч оюутан, багш нарын сонорыг мялаасан сонин содон яриа таниулга болжээ. Ямар ч хэлний бай орчуулга шимтэн сонирхдог нэг болтугай ч хүн санаа сэдэл авч ийнхүү судлал шүүмжлэлийн ажилд мэдлэг оюунаа дайчлан, арга зүйгээ чандлан гар бие оролцоосой билээ. Учир нь энэ бол “хүний муутай зууралдсан” хэрэг огт биш, харин ч сайн мууг дэнсэлж орчуулгын чанар чансааг дээшлүүлэх, улмаар утга зохиол, уран сайхны соёл, нийгмийн оюун санааг цэвэр ариун байлгахын төлөө хийж буй буянт үйлс бөлгөө. Энэ гашуун үнэнийг болгоогтун! Билиг оюунаа хурцлан мэрийгтүн!

 

2025

 



[1] С.Эрдэнэмаам. Шүүмжлэл судлал “унтсан” гээд “сулдаа ганхаж” болох уу? “Орчуулгазүй” сэтгүүл, 2023, №11 (591), 99-р тал.

[2] Мөн тэнд, 99-100-р тал.

[3] Мөн тэнд, 100-р тал.

[4] Мөн тэнд, 100-р тал.

[5] С.Эрдэнэмаам. Ойлгох нь орчуулахын амин сүнс. «Орчуулгын уламжлал, шинэчлэл» ЭШ-ний анхдугаар бага хурал. МУИС, 2013.03.27. 146-р тал.

[6] Мөн тэнд, 147-р тал.

[7] С.Эрдэнэмаам. Шүүмжлэл судлал “унтсан” гээд “сулдаа ганхаж” болох уу? “Орчуулгазүй” сэтгүүл, 2023, №11 (591), 101-р тал.

[8] С.Эрдэнэмаам. “Тэнгэрлэг туульс”-ын монгол орчуулгуудыг халти ажиглахуй дор... “Орчуулгазүй” сэтгүүл, 2025, №12 (617), 155-р тал.

[9] Х.Блүм. Өрнийн канон (Аристократын эрин). УБ., «Жиком пресс», 2022. 119-р тал.

[10] С.Эрдэнэмаам. Шүүмжлэл судлал “унтсан” гээд “сулдаа ганхаж” болох уу? “Орчуулгазүй” сэтгүүл, 2023, №11 (591), 100-р тал.

[11] Мөн тэнд, 103-р тал.

[12] С.Эрдэнэмаам. “Тэнгэрлэг туульс”-ын монгол орчуулгуудыг халти ажиглахуй дор... “Орчуулгазүй” сэтгүүл, 2025, №12 (617), 153-р тал.

[13] Мөн тэнд, 154-р тал.

[14] С.Эрдэнэмаам “Их гүүш Ц.Дамдинсүрэн абугайн орчуулгыг хэн “ойлгомжтой болгон сайжруулав?” “Орчуулгазүй” сэтгүүл, 2020, №8, 222-р тал.

[15] Мөн тэнд, 225-р тал.

[16] Мөн тэнд, 226-р тал.

Их үзсэн

Арга хэмжээ
"Время Чайковского" в исполнении молодых талантов Монголии

Красивый музыкальный вечер, организованный в честь 185-летия со дня рождения великого российского композитора П.И. Чайковского, состоялся 09 марта 2025 г.  в Русском Доме в Улан-Баторе .  Концерт клас...

630
2025-03-06
Арга хэмжээ
Марафон женских улыбок и прекрасных инициатив

 Праздник «Весенняя встреча» организовал РЦНК 9 марта для женщин Монголии – партнеров Русского Дома в Улан-Баторе. Каждая -яркий пример успеха и профессионализма  : журналисты, ученые, актрисы, лидеры...

591
2025-03-12
МОНГОЛ УЛС ДАХЬ ОРОС ХЭЛНИЙ СУРГАЛТ, ОРОС ХЭЛНИЙ БАГШИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

                            Орос хэлний сургалт, орос хэлний багш мэргэжлийн товч түүх, тодорсон үнэ цэн   Сайн байцгаана уу? Эрхэм русистууд, орос хэл сонирхогчдынхоо  амгаланг айлтган “Үг нь цэцэн,...

588
2025-08-07